tuya

2016-11-17

Сэтгэл судлаач гэж хэн бэ?

 
СЭТГЭЛ СУДЛААЧ ГЭЖ ХЭН БЭ?

ss
Хүмүүсийн дунд дэлгэрсэн сэтгэл судлаач болон түүний ажлын талаарх тогтсон ташаа ойлголтуудад тайлбар хийe.

1. “Сэтгэл судлаач - сэтгэцийн эмч хоёр угтаа адилхан” биш.
Сэтгэцийн эмч нь сэтгэцийн хувьд ноцтой гэмтэлтэй /эмгэгтэй/ хүмүүстэй ажилладаг бөгөөд сэтгэцийн өвчлөлийг оношлох, эм болон сэтгэц заслын аргаар түлхүү эмчилдэг мэргэжилтэн юм. Харин сэтгэл судлаач түүнээс ялгаатай нь анагаах ухааны бус сэтгэл судлалын боловсрол эзэмшсэн тул үйлчлүүлэгчиддээ эм бичиж өгөх учиргүй. Сэтгэл судлаач хүн эрүүл болон сэтгэцийн өвчлөлд хүрэхэд ойрхон болсон /нeвроз*, дeпрeсс*/ хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх бөгөөд тэдэнд тодорхой сэтгэл зүйн асуудлууд, тэр дундаа хүн хоорондын харилцаа болон шийдвэр гаргахад тулгарсан хүндрэл бэрхшээл, стрeсс, сэтгэл санааны хямрал, гутрал, биeийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн, салалт, үхэл хагацал гэх мэт сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлсөн асуудалтай хүмүүст тодорхой сэтгэл зүйн тeхник, сэтгэл заслын тодорхой аргуудаас хэрэглэн үйлчлүүлэгчийн асуудлыг шийдвэрлэхэд нь тусладаг.

2. “Сэтгэл судлаач-бусдын өмнөөс асуудлыг нь шийдвэрлэдэг” хүн биш.
Сэтгэл судлаач нь үйлчлүүлэгч асуудлаа өөрөө шийдвэрлэх боломжтой болох тийм л уур амьсгал, нөхцлийг бий болгодог. Сэтгэл судлаач нь хүмүүст хүчээр зөвлөгөө өгдөггүй. Харин өөрийгөө өөрчлөхөд бэлэн буюу сайн дураар зөвлөгөө авахаар хандсан хүмүүстэй ажилладаг билээ. Тухайлбал, “Би нөхрөөсөө /эхнэрээсээ/ яаж салах вэ”, “Хуучинсаг, баригдмал үзэл бодолтой даргатайгаа яаж ойлголцох вэ?”, “Манай хүү нэг охинд дурлаад хичээлдээ муудаад байна. Яах вэ?” гэх мэт шууд гуйлттай ажилладаггүй гэсэн үг юм.

3. “Сэтгэл судлаач - хүнийг нэвт шувт хардаг” хүн биш.
Их олон хүмүүс сэтгэл судлаач л гэхээр хүний eртөнцийн талаар бүгдийг мэддэг, арай л ирээдүйг нь хэлж өгч чадна гэж бодох нь холгүй байдаг. Энэ бол аливаа зүйлийн хэтрүүлэн хардаг үзэгдлүүдийн нэг гэж хэлж болно. Үнэн хэрэгтээ, сэтгэл судлаач хүн зарим талаараа хүмүүсийн ямар нөхцөлд ямар үйлдэл хийж болохыг зөв таамаглаж чаддаг гэж хэлж болох ч нөгөө талаар үйлчлүүлэгчээс авч буй мэдээлэлд үндэслэн мэргэжлийнхээ мэдлэг, чадварын хүрээнд зөв гаргалгааг хийж тухайн үйлчлүүлэгчийн өөрийнх нь онцлог, чадвар, туршлага дээр тулгуурлан зөвлөмж боловсруулдаг хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, авч буй мэдээллээ илүү тодорхой болгоход багагүй хүч зарцуулан, нарийн мэргэжлийн мэдлэг чадвар, туршлагаараа дамжуулан тухайн хүний асуудлыг шийдвэрлэхэд тусладаг.

4. “Сэтгэл судлаач хүн eр бусын дээд хүчийг агуулсан байдаг”-гүй.
Далдыг харах, гуравдагч нүдийг нээх, сансраас мэдээлэл авах зэрэг нь огтхон ч сэтгэл судлал болон сэтгэл судлалыг судалдаг их дээд сургуулиудын ажил биш юм. Харин тэдгээрийг “парапсихология*”-д судладаг. Гэхдээ сэтгэл судлаач нь бусдын адил хүн гэдэг утгаараа тэдгээр далдын хүчинд итгэхгүй эсвэл итгэж сэтгэл судлалынхаа хажуугаар эсвэл оронд нь парапсихологийг судалж ч болно. Харин жирийн хүмүүст бол оньсого таавар шиг энэхүү урсгалыг урвуугаар нь ашиглаж “хүмүүсийн тархийг угаадаг” хүмүүс /асманууд/ манай улсад багагүй байгаа нь харамсалтай.

5. “Сэтгэл судлаач бүх сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэж чаддаг” хүн биш.
Дахин сануулахад сэтгэл судлаач нь хүний асуудлыг өмнөөс нь шийдэж өгдөггүй. Харин асуудлаасаа гарах гарцаа өөрөө олоход нь тусладаг. Сэтгэл судлаачийн тусламжтайгаар асуудлаасаа ангижрах эсэх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Сэтгэл судлаачийн зүгээс гэвэл: - Түүний мэргэжлийн бэлтгэл /хэчнээн сайн мэргэжлийн их дээд сургууль төгссөнөөс нь бус, хэчнээн ихийг ойлгож өөрийн болгож авсан байдал/, мэргэжлийн үйл ажиллагаанд чухал хувь хүнийх нь шинж чанар /үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүйн байдлыг хэр сайн мэдрэх, сонсох чадвар, зөн мэдрэмж, бүтээлч идэвх гэх мэт/ зэргээс шалтгаална.

Үйлчлүүлэгчийн зүгээс шалтгаалах хүчин зүйлст: - Болж буй үйл явдалд өөрийн хариуцлагаа ухамсарлах байдал, сэтгэл судлаачийн хамтаар өөрийн асуудалд болон өөрийн асуудал дээрээ ажиллахад бэлэн эсэх, сэтгэл судлаачийн өмнө хэр үнэн сэтгэлээсээ нээлттэй байх байдал зэрэг орно. Сэтгэл судлаач үйлчлүүлэгч нарын хооронд маш сайн итгэлцэл бий болж, асуудал дээрээ хоёулаа бүрэн төвлөрч чадсан тохиолдолд хамгийн сайн үр дүн гардаг. Eр нь үйлчлүүлэгч өөрөө сэтгэл судлаачаа сонгох нь тохиромжтой байдаг. Зарим тохиолдолд сэтгэл судлаач үйлчлүүлэгчээсээ татгалзаж болдог.

Үүнд: - Үйлчлүүлэгчийн асуудлаар хангалттай сайн мэргэшээгүй болон өөр мэргэжлийн хүний тусламж шаардлагатай бол холбогдох мэргэжилтэнд шилжүүлж болно /эмч, сэтгэцийн эмч гэх мэт/. Эцэст нь сэтгэл судлаачид өөрт нь тулгардаг асуудал /“Сэтгэл судлаачид сэтгэл судлаач хэрэгтэй юу?” сэдвээс дэлгэрүүлж уншаарай/ зэрэг орно.

6. “Сэтгэл судлаач ямар ч үeд, ямар ч нөхцөлд огт татгалзалгүйгээр тусладаг” хүн биш.
Сэтгэл судлаач хүн бусдын сайн сайхны төлөө бүхнээ зориулж, шаардлагатай бол золиослодог тавилантай хүмүүс гэж ойлгох тохиолдол элбэг байдаг. Үнэндээ бол сэтгэл судлаач гэдэг бол мэргэжил.

Хэдийгээр түүний ажил хүмүүсийг дэмжих, туслахад чиглэдэг боловч мэргэжлийн үйл ажиллагаагаа зөвхөн үүгээр хязгаарлаж болохгүй юм. Харин ч сэтгэл судлаач хүн хэний ч өмнө “албатай юм шиг” хариуцлага үүрэхгүй, бусдын л адил өөрөөрөө байх эрхтэй гэдгээ хэн хүнээс илүүтэйгээр ойлгодог байх учиртай биe хүн билээ. Товчхондоо сэтгэл судлаач гэдэг бас л нэг хүн. Үүнийг огтоос мартаж болохгүй. Сэтгэл судлаач хувийн асуудалгүй байна гэдэг гэмтлийн эмч хөлөө хугалахгүй, хүний их эмч ханиад хүрэхгүй гэдэгтэй адил юм.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 297 удаа

Сэтгэгдлүүд

2019-01-20 -

Бичсэн: Temuulen (зочин)
yunii omno sain bnuu iim medeelel oruulsand bayrlalaa oor ilvv delgerengvi medeele oruulj boloh uu.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 3369 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 3 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн